Мэдээ

М.У-ын ерөнхийлөгч У. Хүрэлсүх Ханбогд кашимер ХХК-д айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний үйлдвэрлэгч Ханбогд кашимер ХХК-д дахин айлчилж, 2023 оны анхны айлчлалаас хойших гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийн үр дүнтэй танилцлаа.

Энэ хугацаанд Ханбогд кашимер ХХК үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, технологийн шинэчлэл болон тогтвортой хөгжлийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Япон улсын SHIMA SEIKI WholeGarment буюу оёдолгүй сүлжих дэвшилтэт автомат технологийг нэвтрүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц өндөр чанартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо улам бүр өргөжүүлжээ.

Мөн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн жишгийг хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцав.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, хөнгөлөлттэй санхүүжилт нь ноолуурын салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит үр өгөөжөө өгч байгааг онцоллоо. Энэхүү бодлогын дэмжлэгээр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлийн төслүүд нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Ерөнхийлөгч компанийн хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлийн ажлуудтай дэлгэрэнгүй танилцаж, компанийн удирдлага болон нийт ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлэн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Ханбогд кашимер ХХК Монгол Улсын ноолуурын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, үндэсний баялгийг нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд хүргэх зорилгын төлөө тууштай ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *